Өмсөх хувцсаа өөрчилмөөр байна уу? Өөр хаана ч байхгүй өөртөө хэрэгтэй нэг даавууг бүтээмээр байна уу? Өөртөө зориулж өнгөөр наадаж урламаар байна уу? Тийм ээ хүсэж байна. Гэхдээ яаж?
Таны мөрөөдлийг биелүүлэхэд DYLON туслах болно. DYLON гэж юу вэ?
Түүнийг анх 1946 онд Англи улсад Лондонгийн будгууд гэсэн нэрний товчилсон хэлбэр болох DYLON гэсэн нэрээр нэрлэн Петер Самуел болон Люса Пербек нар үүсгэн байгуулж хийж эхэлсэнээр өдгөө дэлхийд алдартай будагч бодисны нэрийн бүтээгдэхүүн болсон байна.
DYLON-ны талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг түүний www.dylon.co.uk гэсэн холбоосоор орж авч болно.
DYLON нь будагчаас гадна цайруулагч, өнгө хамгаалагч, индүүдэхэд хялбаршуулагч, толбо арилгагч гэсэн нэр төрлийн дор олон бүтээгдэхүүн хийдэг юм.
Надтай хамт будах уу? Тэгвэл доор харагдаж байгаа Flamingo Pink 50гр -н нэг уут будаг юу хийж чадахыг хамтдаа үзье. Жич: Flamingo буюу Ягаан нал гэдэг шувуу нь маш гоёмсог хурц ягаан өдтэй нарийхан хүзүү, урт хөлтэй нэг төрлийн шувуу юм. Энэ өнгө нь түүний хурц гайхалтай ягаан өнгийг жинхэнээр нь мэдрүүлэх шидтэй.

Эхлээд будчихаар хувцас хайж шүүгээгээ онгичиж байгаад нэг ийм ягаан толбо болчихсон майк олсон. (Өнгөө алдсан хайртай хувцасаа ингэж аврах бүрэн боломжтой)

Дараа нь 1м цагаан даавууг хэсэг хэсэг болгож хайчилж бэлдсэн. Бас өөр төрлийн будчихаар даавуу ч нэмж бэлдсэн. Ингээд доорх заавраар будсан даа.
Будах заавар
1. Даавуугаа хуурай үед нь жигнэ. Угааж мушгиад хагас чийгтэй болгоод түр орхи
2. Хаймран бээлий өмсөөд 500мл 40' хэмийн халуунтай усанд нэг уут будагчаа хийгээд хутга.
3. Дахин 6л 40' хэмтэй халуун усыг паалантай хувин болон зэвэрдэггүй төмөр төмпөнд хийнэ.
4. Одоо 6-н л усандаа 250гр(5 хоолны халбага) давс хийж өмнө бэлдсэн 500мл будагчтай усаа нэмж хийгээд сайтар хутгана.
5. Будах даавуугаа хийж хутгана.
6. Эхлээд 15 минутын турш хутгаад дараа нь үлдсэн 45 минутанд үе үе хутгаж нийт 60 минут даавуугаа будагчтай усандаа байлгана.
7. Даавуугаа гаргаж хүйтэн усаар эхэлж зайлаад дараа нь бүлээн савантай усаар угааж нарны тусгал болон хатаагчаас хол дэлгэж хатаана.
Нөгөө хуучин майк маань ингээд өнгөө өөрчилөөд шинэ юм шиг л болчихлоо:)

Энэ миний будсан даавуунууд

Энэ нөгөө арай зузаан ямбууны төрлийн даавуу

Хэрэг болох зөвлөгөө
-- Чамд 250гр давс хэрэгтэйг мартаж болохгүй
-- 1 уут будагч нь 250гр (жишээ нь хоёр цамц 250гр орчим жинтэй) даавуу будахад бүрэн өнгөө өгөх бол түүнээс илүү гарвал өнгө бага зэрэг цайрна гэдгийг санаарай.
-- Будаж болох даавуу: Хөвөн даавуу, маалинга, зотон даавуу зэрэг зэрэг хөвөнгийн хольцтойд өнгөө сайн өгөх бол, нийлэг, ноос, торгон даавуунууд бага зэргийн бүдэг гарах боломжтой.
-- Будаж болохгүй даавуу: 100% нийлэг болон хиймэл даавуу, мяндсан болон панс зэрэг хиймэл торгууд, нейлон синтетик зэрэг нь будаг ороход муу байх болно.
-- Будсан даавууг эхний хэдэн угаалтанд тусад нь угааж илүүдэл будгийг гарсаны дараа өөр зүйлстэй хамт угааж болно.
-- Өөр өнгө гаргахдаа өнгө холих дүрмийг баримтлаарай. Жишээлбэл улаан дээр хөхийг дусааж нил ягаан өнгө үүсгэх замаар.
Миний нэмэлт зөвлөгөө:
Даавуугаа над шиг ууссан олон өнгө гаргаж будахыг хүсвэл дээрх уусмалын яг талыг нь хэсэг хэсгээр нь багасган саванд хийж давстай бүлээн усаа нэг тун бүрд нэмэх замаар дээрх аргын адил будаарай.
Мөн будаж байх үедээ хугацаагаа яг баримтлаарай. Будагтай уснаасаа яарч гаргасан ганц даавуу маань дараа нь халтар болж байна.

No comments:
Post a Comment